Судалгааны товч тайлбар: |
Судалгааны зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийг мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, боловсрол сургалтын, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон судлаачдыг мэдээллээр хангахад оршино. Энэ удаагийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаагаар Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн нийт 2507 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, 2018 оны ажиллах хүчний эрэлтийг тодорхойллоо. Судалгаанд хамрагдсан ААНБ-ын 65.5 хувь буюу 1644 аж ахуйн нэгжийг Улаанбаатар хот, 863 ААНБ-ыг 21 аймгаас оролцууллаа. Улсын хэмжээнд 2018 онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн хэмжээ 74.6 болж, 2017 оныхоос 5.7 хувиар өсөх төлөвтэй байна. Ингэснээр ажиллагчдын тоог өмнөх оноос 6.5 хувиар өсгөх боломж олгох юм. Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 76.4 хувь буюу 57.0 мянга нь 2018 оны эхний хагаст, үлдсэн 23.6 хувь буюу 17.6 мянга нь сүүлийн хагас жилд бий болох төлөв ажиглагдлаа. Ажиллах хүчний нийт эрэлтийн 71.5 хувь нь байнгын ажлын байр байх хүлээлттэй байна. Тэгвэл ажлын байрны төрлөөр 65.3 хувь нь шинэ, 34.7 хувь нь сул ажлын байр байна. Ажиллах хүчний эрэлтийг салбараар авч үзвэл барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа нь 2017 оны судалгааны дүр дүнг давтсан явдал болов. 2018 онд барилгын салбар, бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажиллах хүчний эрэлт өмнөх оноос өндөр өсөлттэй байхаар харагдаж байна. Тухайлбал, барилгын салбарт 18.6 мянган ажиллах хүчний эрэлт бий болох нь нийт эрэлтийн 25.0 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь өмнөх жилийн барилгын салбарын ажиллах хүчний эрэлтээс 89.9 хувиар их байна. Мөн бөөний болон жижиглэн худалдааны салбарт 15.2 мянган ажиллах хүчний эрэлт бий болох төсөөлөлтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 2.8 дахин их байх төлөвтэй байна. Иймээс дээрх салбарууд 2018 оны хөдөлмөрийн зах зээлд голлох эерэг нөлөөг үзүүлэхээр харагдаж байна. |