Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн дэмжлэгтэй зохион байгуулсан “Ур чадварын эрэлтийн судалгаа”-ны үр дүнг танилцуулах арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээний нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, ХНХСҮСИ-ийн Судалгааны газрын дарга М. Доржпагам болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ холбоо, МБСБ-уудын төлөөлөл, Мэргэжлийн зөвлөл, холбоодын төлөөлөл, Ажил олгогчид, ААНБ-ын төлөөлөл, хүний нөөцийн мэргэжилтнүүд тус тус оролцлоо.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, богино хугацааны ажиллах хүчний эрэлтийн төлөв байдлын талаарх мэдээллийг тодорхойлох зорилгын хүрээнд жил бүр тогтмол хийгдэж, өдгөө 12 дахь жилдээ гүйцэтгэн судалгааны үр дүнг танилцуулж байгаа юм.
“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг 2020-2023 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд “Ур чадварын эрэлтийн судалгаа”-г 2022 оны “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-нд нэмэлт модуль хэлбэрээр оруулж, олон улсын туршлага, арга зүйг үндэслэн хийж гүйцэтгэснээрээ агуулгын хувьд ихээхэн онцлогтой юм.
Өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь ажиллах хүчний богино хугацааны эрэлтийн судалгааны хүрээнд ажил олгогчдын зүгээс чухалчлах ур чадварын талаар судалж байсан. Харин энэ удаагийн судалгаагаар ажил олгогчдын хайж буй ур чадварууд болон нөгөө төлөөс ажилтнуудад дутагдаж байгаа ур чадварыг судалснаараа шинэлэг, чухал ач холбогдолтой ажил болсон.
Энэхүү судалгаанаас гарсан гол дүгнэлт, бодлогын зөвлөмжүүдийг хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд ашиглахаас гадна боловсрол, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын үр дүнг сайжруулахад, мөн холбогдох судалгаа шинжилгээний асуудлын хүрээнд чухал мэдээлэл болно.
Судалгааг энд дарж үзнэ үү.
Англи хувилбар






ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ